A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Танилцуулга / Танилцуулга

Танилцуулга

АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМ

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Архангай аймгийн Ихтамир сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуунд хамаарна. Хөхнуур, Ханөндөр, Борт, Бугат, Тайхар, Эрдэнэтолгой гэсэн 6 багийн нийт 1587 өрхөд 5699 хүн амтай амьдардаг. Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас эхнээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог. Архангай аймгийн баруун хойд хэсэгт: -Улаанбаатар хотоос 510 км
-Аймгийн төвөөс 27 км зайд байрладаг. Баянхонгор аймаг болон Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Батцэнгэл, Эрдэнэмандал, Өндөрулаан, Чулуут, Булган сумдтай хиллэдэг.
Байгаль газар зүйн онцлог: Газар зүйн онцлог. Далайн түвшнээс дээш 2500-3400 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд хангайн нурууны уулархаг мужид хамрагдана. Сум 488.5 мянган га нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 371.6 мянган га нь ХАА-н газар, 0.1 мянган га хот суурингийн газар, 104 мянган га нь усан сан бүхий газар, 0.13 мянган га нь зам шугам сүлжээний газар эзэлдэг. Ойн санг шинэс, хуш, хус, улиас, бургас зэрэг модлог ургамал бүрдүүлхээс гадна хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Ойн сан бүхий газарт гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой зэрэг жимс жимсгэнээс гадна тарваган шийр, таван салаа, юмдүүжин, ванжингарав, цээнэ, алтангагнуур зэрэг эмийн ургамалууд ургана. Ан амьтдаас буга, гахай, янгир, аргаль, бор гөрөөс, хүдэр, хэрэм, үнэг, хярс, тарвага, зурам гэх зэрэг хангайн бүсийн төлөөллийн ан амьтан элбэгтэй. Одоогоор тус сумын хэмжээнд нүүрс, алт, өнгөт металлын илэрц бүхий хайгуулын талбай байдгаас нүүрсний орд газрыг ашиглан сум аймгийн хэрэгцээнд ашиглаж байна.
Сумын газар нутгийн 104000 га газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагдах ба ХНБЦГ-ын хамгаалалтын захиргаанд харьялагдаж байна.
Сумын нутаг дэвсгэр нь хайнгайн уулархаг ойт хээрийн бүсэд хамаарна.
Цаг уурын нөхцөл: Хүйтэн сэрүүн уур амьсгалтай
Хөдөө аж ахуй: Сумын хэмжээнд нийт 360,583 адуу-28238, үхэр-68542, хонь-178332, ямаа-85471 байна.
Газар тариалан: Сумын хэмжээнд нийт 60 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 36.6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 63.4 бусад бүтээгдэхүүн тариалж байна.
Инженерийн дэд бүтэц:
Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай хатуу хучилттай 58.5, км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж: Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1989 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай. Хөдөөгийн нэг багт 35/10 квт-ийн шугамд холбогдсон байна. /борт баг/
Ус хангамж: Сумын төвийн урдуур Тамир гол урсаж цэвэр усны эх үүсвэр болох бөгөөд 8 гүний худагтай. Хөдөөгийн 5 багт 34 худагтай.
Дулаан хангамж: Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна.
НИЙГЭМ Тус сум нь Архангай аймагтай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 23 хувь сумын төвд амьдардаг, Улаанбаатар хотруу шилжилт хөдөлгөөн их байдаг.
СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ
Тус сум нь “Домогт “Тайхар чулуу”-гаар алдаршсан нутгийнхаа байгаль орчинг хамгаалан, хүний ба бизнесийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэн, үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг жигд хөгжүүлсэн, нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
-Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
-Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
-Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
СУМЫН ОНЦЛОГ:
-Хэвтээ тэнхлэгийн мянганы зам сумын төвөөр дайран өнгөрдөг.
-Төвийн эрчим хүчинд холбогдсон.
-Аялал жуулчлал хөгжих боломжтой. /Хүннү үеийн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрууд олон байдаг/
-Архангай 9 гайхамшгаас Тайхар чулуу, тамирын хөндий, Хөхнуур манай суманд оршдог.
-Сүүн хурууд буюу тамирын цагаан ааруулаар монголдоо нэртэй.
-Адуу, үхэрээр аймагт тэргүүлдэг.
-Сүү цагаан идээний уламжлалт технологит суурилсан үйлдвэрлэл хөгжих боломжтой.
-Хангайн нуруу, Тунгалаг тамирын голын хөвөөнд байрладаг.
-Аймгийнхаа төвөөс 27 км-т хатуу хучилттай замаар холбогдсон.